Joker үзсэн тэмдэглэл | 2019.10.13

Ganbayar Uranchimeg
4 min readOct 14, 2019

--

Спойлгүй бичвэр… Энэ бол сэтгэгдэл. Огт үйл явдал дурьдагдаагүй. Цэвэр эргэцүүлэл бодрол юм шүү. Магадгүй би өөрөө ч анзааралгүй спойл хийсэн бол өршөөгөөрэй.

Нэг: Бид

Хүн төрөлхтөн өөр өөрсдийн бүтээсэн, бүрэлдүүлсэн бүхнээ үгүйсгэж, үзэн ядаж, тэмцэж, залхаан цээрлүүлсээр. Гэвч тэд хэзээ ч залхаагүй, залхах ч үгүй…

Хэзээ ч билээ нэгэн тэмдэглэлдээ тусгаж байсан юм. Хамгийн муу муухай зүйлс хамгийн сайхан зүйлсээс улбаатай. Сайн бас муу бүхэн нэг нэгнээ бүтээж бас устгаж байдаг гэж. Хүн төрөлхтөн сайн сайхан бүхнээр халхавч хийж хамгийн муу муухайг бүтээсэн жишээнүүд дэлхийн түүхэнд тэмдэглээстэй.

Бид хамгийн сайхан сэтгэлтэй нэгнийг хамгийн муу хүн болгоход нөлөөлөгч. Ялгаварлан гадуурхалт, гадаад үзэмж, нийгмийн давхарга, ухавар мөчит төсөөлөл хийгээд нийгмээс тулгаж буй хэвшмэл дүрүүд. Бид амьдрах гэж хичээж л яваа. Гэвч өөрийнхөөрөө амьдарч чадаж байна уу. Хэн нэгний тулгасан амьдралаар уу? Хэн нэгний зохиосон тоглоомын дүрмээр үү эсвэл өөрийн зохиосон дүрмээр үү. Цаашлаад бид хэн нэгнийг санаатай болон санаандгүйгээр үгүйсгэж, ялгаварлаж хүний мөс чанарыг нь үгүй хийж түүгээрээ хооллож буйгаа хэзээ ч хүлээн зөвшөөрөлгүйгээр өдийг хүрчихсэн… Ингээд хэлчихвэл та санал нийлэх үү?

Яг энэ инээд. Киноны турш яг инээдний цаадах шаналал, зовиор….

Инээмсэглэлийн цаана нуугдах хүн төрөлхтний жинхэнэ зовлон бас шаналал. Мэдээж хэцүү мэдрэмж. Бас танил мэдрэмж./Нийгмийн аль хэсэг, төлөөллөөс шалтгаалан зарим хүнд маш ойр зарим хүнд тэс хөндлөн байхыг үгүйсгэхгүй ээ/ Киноны турш Артурын инээмсэглэл танд нэг л хүчтэй бөгөөд үнэн мэдрэмжийг өгөх болно. Артурын мэдэрч буй бүхэн бидний хүүхэд насны дурсамжуудыг сөхөх шиг. Өнгөрсөн ба одоо үргэлжилж буй гунигт түүхүүдийг дахин дэлгэх шиг. Бидний амьдарч буй нийгмийн жинхэнэ үнэнг ямар ч хэтрүүлэггүйгээр ганцхан дүрийн дотоод ертөнцөөр харуулах шиг...

Өмнө нь Жокерийн дүрийг маш олон хүн бүтээж байсан ч энэ кинонд тэд огт өөр, шинэ дүр бүтээж байгаа мэт ажилласан. “Яг л бид өөрсдөө бий болгосон дүр мэт мэдэрч байсан. Тэгэх нь надад илүү чухал байсан юм” гэж Венецийн кино наадмын үеэр Хаокин Феникс ярьжээ. Тийм ээ би ч гэсэн санал нэг байна. Наадах чинь л хамгийн чухал хөгшөөн гээд хуурч хөөрмөөр байсан шүү.

Хоёр: Өсвөр насныхан

Нас насныхан өөр өөрөөр хүлээж авах ч өсвөр үеийнхэнд хэзээний танил болсон мэдрэмж…Тус киног өсвөр насныхан хэрхэн хүлээж авах бол. Тэд ямар өнцгөөс харж байгаа бол. Энэ кино үнэхээр тэдний үзэх ёстой кино мөн үү? Яагаад ч юм киноны турш өөрөөсөө асуусан асуулт…

Бид үргэлж өсвөр үеийг орхигдуулдаг. Тэднийг сонсдоггүй. Бүхэл бүтэн ертөнц бүрэлдэж байхад бид тэднийг тоож ч хардаггүй. Ярилцдаггүй ихэвчлэн шууд зааварладаг. Үргэлж л үгүйсгэдэг. Хамгийн чухал үед нь хамт байдаггүй. Олон асуудлуудыг даван туулахдаа тэд алддаг. Бас шантардаг. Гэвч томчууд алдааг нь л харахаас бид юуг буруу хийсэн бэ? Яагаад ийм нөхцөл байдал хүргэв. Бид яагаад асуудлыг ингэтэл нь хүндрүүлсэн бэ? Бид хэцүү үед нь хаана байсан юм бэ? Хэзээ ч асууж үзээгүй томчууд бидний нийгэмд бүхий л өсвөр үеийнхнийг ирээдүй мэтээр төсөөлсөөр…

Гэвч таны хүүхэд ирээдүй цаг дээр яригдах ёсгүй. ОДОО ЦАГ. ТЭР ОДОО ХЭН БОЛЖ ТӨЛӨВШИЖ БАЙНА ВЭ? Яг одоо түүний сэтгэл зүй ямар байна вэ? Ямар алдааг эхлүүлэх эрсдэлтэй байна вэ? Тэр яг одоо ямар баг зүүсэн байна вэ? Таны харж буй ирээдүй яг одооноос, өнөөдрөөс эхлэлтэй гэдгийг л бид ойлгох ёстой гэдгийг киноны турш бодсон. Нийгмийг бүхлээр нь авч үзвэл бид бүгдээрээ л сэтгэцийн ямар нэгэн өвчтэй. Ямар нэгэн байдлаар шаналж түүнийгээ даван туулах гэж эрүүл бус үйлдэл, шийдвэрүүдийг гаргасаар. Магад би ч тэр хэсгийн нэг төлөөлөл байхыг

Гурав: Эцэст нь

Энэ бол таны өмнө үзэж байсан киноноос тэс өөр кино гэдгийг ахин тодотгоё. Хүн болгон шуураад л байгаа болохоор л үзэх шийдвэр гаргасан бол битгий үзээрэй. Таны төсөөллөөс тэс өөр… Үнэхээр хүсч үзэж байгаа бол үзэхийг зөвлөж байна.

Би кино шүүмжлэгч биш учраас мэргэжлийн шүүмжлэл даан ч надаас гарахгүй. Харин цэвэр мэдэрсэн, эргэцүүлсэн зүйлсээ хуваалцсан төдий. Мэдээж үзэгчид та бүхнийг хүндэтгээд нарийн үйл явдал, онцолж бичмээр хэсгээ нэг хэсэгтээ залгихаар шийдлээ. Гэхдээ заавал бичнэ ээ. Бичвэр бол нэг л өнцөг. Үзсэн хүмүүстэй халуун яриа өрнүүлэхийг тэсэн ядан хүлээж байна.

Найруулагч Филлипс хөгжмийн зохиолч Хильдур Гуднадоттирыг кино зохиолыг уншиж байгаад хөгжмөө бичихийг хүссэн. Энэ бол кино урлагт их ховор зүйл. Бас уг хөгжмийн зохиолч HBO-ийн “Chernobyl”-ийн аяыг зохиосон билээ

Киноны хөгжим үнэхээр гайхалтай. Киноны хийц, өнгө, зураг авалт, хөгжмийн найруулга, кино найруулга, илэрхийлэл, бэлгэдэл, жүжиглэлт, дүр сонголт энэ бүхэнтэй яриад байх зүйл алга даа.

Joker-той холбоотой #UBLife -аас гаргасан нийтлэлүүд. Бас гадаад эх сурвалжуудаас кино шүүмжүүдийг олж уншихыг зөвлөж байна.

“Joker”: Тохиромжгүй үед хяналтгүйгээр инээдэг эмгэг үнэхээр байдаг уу?
http://www.ub.life/p/joker-tokhiromjgui-ued-khyanaltguigeer-ineedeg-emgeg-unekheer-baidag-uu

Playlist: “Joker”-ийг үзсэн хүмүүс одоо ч сонссоор буй гайхалтай 12 дуу
http://www.ub.life/p/playlist-joker-iig-uzsen-khumuus-odoo-ch-sonssoor-bui-gaikhaltai-12-duu

“Joker” кино бүтэх явц дахь сонирхолтой 17 баримт
http://www.ub.life/p/joker-kinonii-khushignii-ard-bolson-itgemeergui-17-uil-yawdal

The New York Times | Хоакин Феникс — “Joker” киноны зохиолыг зөвхөн түүнд зориулж бичсэн
http://www.ub.life/p/the-new-york-times-khoakin-feniks-joker-kinonii-zokhioliig-zuwkhun-tuund-zoriulj-bichsen

--

--

Ganbayar Uranchimeg
Ganbayar Uranchimeg

Written by Ganbayar Uranchimeg

Бүтээж туурвиж суухад минь л үхэл намайг олоосой.

Responses (1)