ЦАС ДАГАСАН БОДОЛ….
Өнөөдөр анхны цас оров. Цаанаасаа л нэг гунигтай мэдрэмж. Өвөл ийм гунигтай билүү. Өглөөний хүйтэн жавар хацар хайрна. Нимгэн пальтогоо тайлах уу эсвэл дулаан цамц нэмж өмсөөд ахиад хэдэн өдөр ч болов өмсөх үү? Гэрээс гарахдаа дулаан гэрт үлдэж байгаа муурандаа атаархах шиг.
Намар үнэндээ л биднийг эрхлүүллээ. Өнөөдрийн цас, салхи, жавар бүгд ёстой жинхэнэ амьдрал эхлэх гэж буйг сануулах шиг. Түлээ нүүрс, өвлийн дулаалга…. Утаа үйлдвэрлэж байгаа ч дулаан байх ёстой учир өнөөх туршилтын түлшээ түлж эхэлнэ. Энэ бол жирийн иргэдэд мэдрэгдэх үнэн мэдрэмж.
Цас тухтайхан амьсгал аваад аймшигтай утаатай нүүр тулахад сэтгэлээ бэлдээрэй гэх шиг… Даарахгүй гэсэндээ ихэнх нь машиндаа бүгнэ. Хамтдаа таг түгжирнэ. Тэг зогсолт ч хийж байх шиг. Халтиргаа гулгаа, өвлийн дугуй, машин оношилгоо гээд бас л том ажил, том зарлага. Жирийн иргэдийн үнэн мэдрэмж.
Ханиад томууны улирал. Хүүхдэд ээлгүй хотын үнэн төрх хүйтэн жавартай хамт бяцхан үрсийг минь занал хийх шиг. Цас уул сайхан ч гэлээ ингэтэлээ амьдралд нөлөөлөхүйц болчихсон байна гэдэг бидний амьдарч буй нийгмийн тусгал өөрөө ямар хортой, гашуун, нясуун байгааг л сануулах шиг.
Төр засгийн бодлого гаргагч нар бидний амьдралаар наадсан шийдвэрээр өөрсдийгөө ажил хийсэн харагдуулна. Ай тэгээд их уулзалт, хурал зөвлөгөөн болох юм. Шийдсэн, шийдэгдсэн зүйл ч ховор л юм. Өлгөн салган шийдвэр бидний амьдралын хэмнэлд ямар хорон байгааг үнэнгээсээ ойлгож харах сэтгэлтэй улс ч ховордож.
Сонгуулийн зусардалт, шоудалт, ашиг сонирхол нь нэвт шингэсэн бөөн жүжиг л энэ хотод өрнөх юм. Хүүхэд байхдаа Бэтмэнийг үзээд л ямар гээчийн хот вэ гээд үздэг байсан. Одоо бодоход Готом хотоос нээх ялгагдах зүйлгүй УЛААНБААТАР болчихсон ч юм шиг.
Ай даа энэ амьдралыг эргэцүүлэхэд сайхан зүйл нь ховор болсон ч юм шиг. Хүн хүнээ ч анзаарах завдалгүй, сэтгэл зүй, эрүүл мэнд, сайхан амьдрах боломжоороо хохирч яваа жирийн л иргэдийн амьдрал нэг нэгнээ хайрлах хайрын л хүчээр урагшилж байна даа. Үнэн шүү. Яг үүрч яваа ачаа, сэтгэлдээ тээж буй өвдөлт бүхэндээ захирагдвал урагш алхах тэнхээтэй хүн энэ хотод үнэндээ байхгүй дээ.
Уйлмаар, уурламаар, шаналантай, бачуурмаар, үгийн муухайгаар хараамаар, үзэн ядмаар мэдрэмжүүд асар их ч тэд хайртай бүхнийхээ төлөө тэвчиж, мартаж, тээж, үүр ч л яваа жирийн л иргэд юм.
Цас дагасан бодол ирж яваа амьдралын их урсгалаас бага зэрэг айх шиг…
2023.10.30
Гэрэл зургийг: 2022.12 сар Дамбадаржаа